Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.”Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ /цаашид “Газар” гэх/-ын хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, захиргаа, ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтан, албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх, сургах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, хариуцлага ногдуулах, үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, ажил олгогч ажилтан, ажилчдын хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг болно.

1.2. Газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Архивын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Авлигын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын тогтоол зэрэг хууль тогтоомжууд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Дотоод журам нь хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ажилтан бүр үнэнч шударгаар, хамт олны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдний ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг зохих түвшинд шийдвэрлэх, ажилтны хувийн бүтээлч идэвхийг хөгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгах, бусдын дотоод хэрэгт үл оролцох, харилцан хүндэтгэх зарчимд үндэслэнэ.

1.4. Энэхүү дотоод журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч  талууд хяналт тавина.

1.5. Газар нь газрын дарга, дотоод хяналт-аудитор болон 3 хэлтсээс бүрдэх ба хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд гэдэгт удирдлага, хэлтсийн дарга нар, ажилтан, албан хаагчид байна.

1.6. Ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний оролцоог дэмжих зорилгоор үйл ажиллагааны чиг үүргээ тусгасан “Хамтын гэрээ”-г байгуулан ажиллаж  болно. 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

 баримтлах дүрэм

 

            2.1.1 Газрын өдөр тутмын үйл ажиллагааг газрын дарга удирдана. Газрын даргын эзгүйд Ерөнхий инженер орлон ажиллах бөгөөд орлон гүйцэтгэгчийг  байгууллагын дүрмэнд заасан байна.

2.1.2 Газрын даргын дэргэд үйл ажиллагааг чиглүүлэх, зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, зөвлөх эрхтэй  газрын даргын зөвлөл ажиллана.

2.1.3 Даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг газрын даргын тушаалаар батална.

2.1.4 Газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга баталж, газрын дарга бүтэц орон тоо, цалингийн санг батлагдсан хязгаарт багтаан өөрийн тушаалаар баталж, ажилтан, албан хаагчдыг ажилд томилж, ажлаас  чөлөөлнө.

2.1.5.  Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын бүтэц нь:

- Дарга

-Дотоод хяналт, аудитор 

-Захиргаа, хүний нөөцийн хэлтэс,

-Санхүү, төлөвлөлтийн хэлтэс,

-Тээвэр, зохицуулалтын хэлтэс гэсэн 3 хэлтэстэй байна. 

            2.2 Байгууллагын үнэт зүйл

            2.2.1 Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын үйл ажиллагааны оршин тогтнох үндсийг бий болгож буй нийт албан хаагчид болон харилцан итгэлцэл болон үнэнч шударга зэрэг нь байгууллагын чухал үнэт зүйлс бөгөөд гүйцэтгэж байгаа ажил үүрэг болон гарах үр дүнд ажилтан тус бүр хариуцлага хүлээж, хоорондын харилцаа, үйл ажиллагааны чиг үүргүүд болон гаргаж буй бүх шийдвэрүүдэд ил тод байдлыг хангаж ажиллана.

2.2.2 Албан хаагчид нь удирдлагын болон ажил төрлийн тѳрѳл бүрийн арга хэлбэрийг хүндлэн хүлээн зөвшөөрч, гүйцэтгэж буй ажлаа мэргэжлийн ур чадвартай, сэтгэлээсээ  хандаж, үр дүнтэй гүйцэтгэнэ. 

2.2.3 Жендэрийн тэгш байдал болон харилцан ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, байгууллагын нийт ажилтнуудад ижил тэгш ялгаварлалгүй хандаж, тэдний албан тушаал, эрх мэдлийн ялгаатай байдлыг үл харгалзан албан хаагч бүрийн санал бодлыг үнэ цэнэтэй хэмээн авч үзнэ.

2.2.4 Ямарч нөхцөлд нийт ажилтнуудтай ямар нэгэн ялгаварлал гаргахгүйгээр хүндэлж, бүгдтэй нь ижил тэгш харьцана.

2.2.5 Хамтран ажиллаж буй харилцагч байгууллагууддаа асуудлыг тодорхойлох болон тэдгээрт өөрсдийн зүгээс тогтмол хяналт тавьж, анхаарал хандуулж ажиллах ба ашиг сонирхлын зѳрчилд үл автана.

           2.3  Шийдвэр гаргалт

            2.3.1 Ажилтнууд нь байгууллагын ѳдѳр тутмын үйл ажиллагааг зѳв хэрэгжүүлэх үүднээс байгууллагын удирдлагын зүгээс гаргаж буй шийдвэр бүрийг хүндэтгэн үзэж, өөрсдийн хийж буй үйлдлээрээ дэмжин баг болж ажиллана.

            2.3.2 Хэлтэс тус бүрийн шийдвэр гаргах процессыг нэгжийн ажилтнуудын оролцоотой, харилцан зѳвшилцѳх байдлаар ил тод явуулж, хэрэгжүүлэх боловч асуудлын цар хүрээнээс шалтгаалан онцгой шийдвэр гаргалтад нэгжийн оролцоог тодорхой хүрээнд хязгаарлах шаардлагатай.

            2.3.3 Шийдвэр гаргах процесст ажилтнуудыг оролцуулах тохиолдолд тухайн шийдвэр гаргахад хэлэлцэгдсэн аливаа харилцан яриа болон бусад мэдээлэл зэргийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг хүлээнэ.

2.3.4 Хэлтсийн дарга болон бусад мэргэжилтэн, албан хаагчид тодорхойлсон чиг үүргийн дагуу өөрийн эрхэлсэн ажлын биелэлт, үр дүнгийн талаар газрын даргын өмнө үүрэг хариуцлага хүлээнэ.

2.3.5 Хэлтсийн дарга болон ерөнхий инженерийн эзгүйд тухайн хэлтэс албаны ахлах мэргэжилтэн, ашиглалтын инженер орлон ажиллана.

2.3.6 Хэлтэс албадын дарга нар дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ. Үүнд:

2.3.7 Хэлтэс, албаныхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг  Газрын даргын өмнө бүрэн хариуцна.

2.3.8 Газрын  даргыг  ажил үүргийн мэдээ, мэдээллээр хангана.

2.3.9 Газрын даргын баталсан дүрэм, журам, заавар, маягтыг хэлтэс, албаныхаа хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулна.

2.3.10 Хэлтэс, албаны үйл ажиллагааны улирал болон хагас, бүтэн жилийн төлөвлөгөөг газрын даргаар батлуулан төлөвлөгөөний биелэлт, тайланг хугацаанд нь гаргаж, дүн шинжилгээ, дүгнэлт  хийнэ.

2.3.11 Газрын даргын эрх олгосноор холбогдох байгууллагатай харилцаж байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдолд хариу өгч хариуцлага хүлээнэ. 

2.4       Баг хамт олон дундын харилцаа холбоо болон мэдээлэл солилцоо

            2.4.1 Байгууллагын ѳдѳр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулахад хамт олны дундах  харилцаа нь энгийн бѳгѳѳд ойлгомжтой, товч тодорхой байна.

            2.4.2 Ажилтнууд хоорондоо нээлттэй шударгаар мэдээллээ солилцож хэвших ба мэдээллийг хүлээн авч буй ажилтан бүрт ижил тэгш хандана.

            2.4.3 Нууцлалын зэрэглэлд багтах мэдээллийг ангилах шаардлагатай бөгөөд ажилтнуудын мэдээлэл хүлээн авах байдал нь албан тушаалд тусгагдсан байдлаар хязгаарлагдана.

            2.4.4 Гадны уулзалт болон үүрэг даалгавруудыг цаг тухайд нь мэдээ, тайлан байдлаар бэлтгэх, гол асуудлыг тодорхойлж, цаашид хийгдэх үйл ажиллагаануудыг  тусгасан  байна.

2.4.5 Газрын даргын шуурхай хуралдааныг 14 хоног тутам хийнэ. Шуурхай  хуралдаан  хийх  өдрүүдийг  жилийн эхэнд батална.

2.4.6 Шуурхай хуралдаанд өнгөрсөн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт явцын талаар мэдээлэл сонсож, ирэх 7 хоногт  гүйцэтгэх  ажил үйлчилгээний талаар хэлэлцэнэ.

2.4.7 Дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Газрын даргын шуурхай хуралдааны тэмдэглэл хөтлөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэлтэс албадад 2 өдрийн дотор  хүргүүлнэ.

            2.4.8 Байгууллагын үйл ажиллагааг эрхлэн явуулахад төрийн байгууллагын албан бичгийн стандарт дүрмийг баримтлах ба цахим захиа бичих бүрт тухайн мэдээллийг мэдэж байх шаардлагатай ажилтан, удирдлагуудад “ил тод” хяналттай байдлаар явуулж байх шаардлагатай.

            2.4.9 Цахим захиа нь байгууллагын албан ёсны харилцааны нэг хэлбэр гэдгийг хэвшүүлэн, дадлагажуулж, байгууллагын цахим шууданг зөвхөн байгууллагын албан хэрэгцээнд ашиглана.

2.4.10 Хувийн шугамаар буюу зориулалтын бусаар интернэт ашиглахыг хатуу хориглох ба цахим захианд ашиглагдах ѳгүүлбэр, найруулга зүй нь төрийн байгууллагын  албан  бичгийн стандартад нийцсэн байна.

2.5  Хурал, уулзалтын зохион байгуулалт 

            2.5.1 Байгууллагын ѳдѳр тутмын үйл ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд хурал уулзалтыг зохион байгуулах ба энэ тохиолдолд хурал уулзалт бүрийн зорилго, хѳтѳлбѳр, хүрэх үр дүн, үргэлжлэх хугацаа, хурлыг удирдагч болон оролцогч ажилтнуудыг тодорхойлно.

            2.5.2 Хурлаас өмнө шаардлагатай баримт бичгүүд нь урьдчилан тараагдсан байх ба хурлын үед хэлэлцсэн асуудлын тэмдэглэлийг дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн хөтлөх, хурал уулзалтаар гарсан шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон тэдгээрийг хариуцах албан хаагчийг хурлаар тодорхой тусгасан байна. 

            2.5.3 Хурлыг зохион байгуулахаас өмнө дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн оролцогчдыг шаардлагатай мэдээллээр хангасан байх шаардлагатай. 

            2.5.4 Хурал  уулзалтын  үеэр  бусдыг хүндэтгэж, хөтөлбөрийн дагуу явуулахын тулд оролцогчид гар утсыг огт ашиглахгүй. 

            2.5.5 Мэдээлэл болон мэдлэг солилцох зорилгоор албан бус уулзалт болон презентаци танилцуулах ажлууд мөн тодорхой үүрэг гүйцэтгэдэг бѳгѳѳд тохиромжтой гэж үзсэн тохиолдолд хурлын тэмдэглэлийг нийт ажилтнуудад танилцуулж хүргүүлэх замаар ажилтнууд нь  мэдээллээс хоцрохгүй байх боломжийг  бий болгоно. 

            2.5.6 Хурал уулзалт явагдах үеэр нийт ажилтнууд нь ажлын шаардлагаар оролцох боломжгүй тохиолдолд хурлын мэдээллийг байгууллагын мэдээллийн самбарт байршуулна.

            2.6   Бүтээлчээр ажиллах орчин

            2.6.1 Бид байгууллагын амжилтыг хамтдаа бүтээдэг тул ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэх хүрээнд аливаа ажлын үүрэг хариуцлага ойлгомжтой тодорхой байх, ажлын байрны стандарт шаардлагыг хангасан ажлын орчноор  хангагдана. 

            2.6.1 Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар нь албан тушаалын тодорхойлолттой нийцсэн байх, өсөж хөгжих боломжтой байх, тогтмол өндөр бүтээмж, амжилт үзүүлсэн тохиолдолд урамшуулж шагнах.

            2.6.2 Шинэлэг санаа, өөрчлөлт болон бүтээлч байдлыг дэмжиж урамшуулах, хувь хүний ажлын гарц үр дүнд чанарын хяналт хийхэд тухайн хүний үүрэг хариуцлагыг авч үзэх, ажлын байранд идэвх санаачлагатай ажиллахыг сайшаах, ажилтнууд ажлын байрандаа сэтгэл хангалуун байх асуудлыг эн тэргүүнд авч үзэх ба багаар хамтран ажиллахыг тууштай хэрэгжүүлэх нь ажилтан тус бүрийн үүрэг хариуцлага байх болно. 

            2.7   Зөрчилдөөн  шийдвэрлэлт

            2.7.1 Байгууллагын ѳдѳр тутмын үйл ажиллагааны хүрээнд ажилтнууд хоорондоо болон ажлын байранд аливаа зѳрчилдѳѳн үүссэн тохиолдолд аливаа зѳрчилдѳѳн юунаас үүссэн болох үндэс суурийг олж, асуудлыг “Би байсан бол яах байсан бол” гэдэг  байр  суурьнаас  харж, нөхөрсгөөр шийдвэрлэхийг эрхэмлэнэ. 

            2.7.2 Байгууллагын дотоод журамд нийцсэн ажлын байран дахь аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэдэг арга механизмын дагуу шийдвэрлэх дадлыг хэвшүүлэх бѳгѳѳд зѳрчилдѳѳнийг асуудал гэж харахаас илүү бие биеэ ойлгох боломж гэдгээр харж, шийдэх нь байгууллагын соёлд эерэгээр нѳлѳѳлж, хамт олонч сэтгэлгээг тѳлѳвшүүлнэ.

Гурав. Дотоод үйл ажиллагаа, төлөвлөгөө, тайлан

түүнд тавих тогтолцоо

 

3.1. Газрын дарга нь байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар  хууль тогтоомжид  нийцүүлэн тушаал гаргана.

3.2. Газрын даргын тушаалын төслийг тухайн хэлтэс, албаны мэргэжилтэн, инженер, ажлын хэсэг, комисс, зөвлөлд томилогдсон мэргэжилтэн боловсруулан холбогдох албан тушаалтнуудын саналыг авч, хуулийн мэргэжилтнээр хянуулсны дараа авто баазын даргад танилцуулан батлуулна. Тушаалын төсөлд боловсруулсан болон хянасан болон холбогдох албан тушаалтан тус тус  гарын  үсэг зурсан байна.

3.3. Хүний нөөц, боловсон хүчний холбогдолтой Б-тушаалыг хүний нөөцийн менежер, үндсэн үйл ажиллагааны холбогдолтой А-тушаалыг дотоод ажил, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн хариуцаж, архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн хэвлэмэл хуудас /баланк/ дээр 2-3 хувь хэвлэж, Газрын даргаар гарын үсэг зуруулж, тамга дарж дугаар өгч баталгаажуулсны дараа 1 хувийг Санхүү, төлөвлөлтийн хэлтэст, нөгөө хувийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хадгалан тэмдэглэл хөтөлж, архивлана.

            3.4. Монгол Улсын хууль, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэрийн хэрэгжилт биелэлтийг хууль эрх зүй, тогтоол, захирамж хариуцсан мэргэжилтэн  гаргана.

3.5. Байгууллагын бодлого, дүрмийн хэрэгжилт, дотоод хяналт, удирдлагын програмыг нэвтрүүлж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлтийг захиргааны хэлтсийн хууль эрх зүй, тогтоол захирамжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн хариуцаж ажиллана.

3.6 Газар нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга  тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас, хэрэглэх заавар”-ыг  мөрдөж, хэвлэмэл хуудсыг архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн хадгалж, хамгаална. 

3.7 Архив, албан хэрэг хөтлөлтийг  Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 08 дугаар тогтоол, Архивын Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан заавар, журмын дагуу явуулна.

3.8 Иргэд болон байгууллагын ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдол, ирсэн, явсан албан бичгийг erp.ulaanbaatar.mn программаар архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн бүртгэж, удирдлагын заалтын дагуу тухайн хэлтсийн хүлээн авсан албан тушаалтан бүр өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг  шийдвэрлэж, хугацаанд нь баримт боловсруулалтаар хавсралт файлуудын хамт хариуг өгч  ажиллана

            3.9 Ажилтны хувийн хэргийг  зохих  журмын  дагуу  бүрдүүлж,  баяжилт хийх, төрийн албан хаагчдын бүртгэл, хөдөлгөөн, судалгаа, мэдээг гаргаж  ажиллахыг  хүний нөөцийн мэргэжилтэн  хариуцна. 

3.10. Хөдөлмөрийн дэвтрийг ажилтан өөрөө хадгалж, нийгмийн  даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийж, нийгмийн даатгалын  байгууллагатай тооцоо хийж, баталгаажуулахыг санхүү,төлөвлөлтийн нягтлан бодогч хариуцна.

3.11  Диспетчер-механикийн  бүртгэл, жолооч нарын  тооцооны  баримтын  анхан шатны гүйцэтгэлд хяналт тавьж эцсийн байдлаар баталгаажуулах, эд хариуцагч, тооцооны нярвын сэлбэг хэрэгсэл, шатахуун, аж ахуйн бараа материалын  хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр хяналт тавих ажлыг ерөнхий ня-бо, дотоодын хяналт  тавих  ажлыг  дотоод хяналт, аудитор хариуцна. 

3.12 Газар нь үйл ажиллагаагаа сар, улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөн явуулна.

3.13 Ажлын төлөвлөгөөнд нийслэлийн төсвийн ерөнхийлэн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээний заалт, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газрын эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн ажил, арга хэмжээнүүдийг тусган, газрын даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, Нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар  батлуулна.

3.14 Газрын ажлын төлөвлөгөөний биелэлт, ажлын тайланг хэлтсийн дарга нар  дурдсан хугацаанд нь Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, улирал, хагас, бүтэн жилээр хууль эрх зүй, тогтоол захирамжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн нэгтгэж, заагдсан хугацаанд  Нийслэлийн Засаг даргын Тамгын Газарт  хүргүүлнэ.

3.15 Газар нь алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, чиг үүргээ хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойрын ба дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөг байгууллагын үндсэн үйл ажиллагааны дагуу хэлтсийн дарга нар, эдийн засагч, мэргэжилтнүүдийн бүрэлдхүүнтэй ажлын хэсэг боловсруулж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллана.

3.16 Хэлтэс, албадын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд сар, улирал, хагас, бүтэн жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллана.

3.17 Хэлтэс албад, байгууллагын төлөвлөгөөг газрын дарга, ажилтнуудын төлөвлөгөөг  харьяа  хэлтсийн  дарга нар батална.

3.18 Ажилтнуудын ажлын төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, тайланг харьяа хэлтсийн  дарга нар  авч, гүйцэтгэлийг  үнэлнэ.

3.19 Ажилтан, ажилчдын ажлыг дүгнэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам баталж  мөрдөж  ажиллана.

 

                        Дөрөв. Байгууллагын соёл, үйлчилгээний стандарт

 

Байгууллагын соёлыг сайжруулах хүрээнд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон ажиллана.

Эрхэм зорилго

Бид нэгдмэл багаар тэргүүлж стандарт соёлоор манлайлсан, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.

Алсын хараа

Бид нийслэлийн төрийн үйлчилгээний шилдэг үйлчилгээг хүргэгч, хэрэглэгчдийн сэтгэл  ханамжаар манлайлсан “АВТО БААЗ” УТҮГ болно.

Байгууллагын үнэ цэнэ

Үйлчлүүлэгчээ дээдлэх

Байгууллагын соёл

Зѳв хандлага

Багийн ажиллагаа, хамтын хүчин чармайлт 

Албан хаагчийн хөгжил

Байгууллагын дотоод үйл ажиллагааг стандартжуулан улмаар мөрдлөг болгон ажиллана. Стандартыг үндсэн 3 чиглэлд хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1 Ажлын байрны стандарт:

            4.1.1 Ажилтан ѳѳрийн суудаг ширээ, сандал, ойр орчмын цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг дээд зэргээр ханган, хэрэгцээтэй зүйлээ гар дор бэлэн байлгаж, ажил хэрэгч орчныг бүрдүүлнэ.

4.1.2 Ажлын явцад ашигласан баримт бичиг, цаасыг ангилан ялгах, хэрэгцээгүйг нь хогийн саванд хийх, нууцын зэрэглэлтэй баримт бичгийг ил задгай орхихгүй байхад анхаарч ажлаа дуусах үеэр ширээн дээрх  эд зүйлсийг цэгцэлж, шүүгээ савыг цоожилж явна. 

            4.1.3 Нийт ажилтнуудын ажлын хэрэгцээний тоног төхөөрөмж (толгой компьютер, хэвлэгч г.м), багаж хэрэгсэл, эд хөрөнгө (ус буцалгагч, хувцасны шүүгээ г.м.)-ийг эзний сэтгэлээр хандан ариг гамтай ашиглаж, эвдрэл гэмтлийг тухай бүр аж ахуйн няравт мэдээлж холбогдох арга хэмжээ авна.

4.1.4 Албан байранд шат, коридороор хурдан алхаж байгаа үед удирдлага, зочин зөрж өнгөрөхөд алхаагаа сааруулж зай тавьж өгнө.

4.1.5     Харилцагчид болон зочидтой зөрөхдөө харц тулгарвал инээмсэглэж, хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлнэ.

            4.1.6  Ариун цэврийн өрөөг зөв боловсон ашиглаж хэвшүүлнэ. 

                      Ажлын байранд хориглох үйлдлүүд:

            4.1.7 Ажлын байранд, ажлын цагаар хувийн шинжтэй зүйл хийхгүй, утсаар чанга ярихгүй, бусдын дэргэд ёс зүйгүй үйлдэл (шивнэж ярих, нүдээ нухлах, чих хамраа ухах, биеэ маажих, эвшээх, хөл гараа савчих, хумсаа авах) хийхгүй байна.

4.1.8 Ажлын байранд гүйхгүй, чанга дуу авиа гаргахгүй.

            4.1.9 Хана, тавиур, бусад зүйл налах, гараа энгэртээ зөрүүлэх, нуруугаа үүрэх, хөлөө ачин суух, хойшоо налан суух зэргээр биеийн үйл хөдөлгөөнөөр үл хүндэтгэл илэрхийлж болохгүй.

4.1.10 Согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирэх, албан тасалгаанд тамхи татахгүй.

     4.1.11 Ханиад томуу туссан үедээ амны хаалт зүүхгүй ирэх, чанга ханиалгах, бусдад ханиад томууны төрлийн өвчин тараах.  

4.2      Харилцааны стандарт:  

                        Үйлчлүүлэгчтэй  харьцах харилцааны стандарт:

              4.2.1 Үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхахгүй, бүх үйлчлүүлэгчдэд эрх тэгш хандах

4.2.2  Үйлчлүүлэгчийг  хүндэтгэж, албан ёсны харьцаагаар харьцах

4.2.3 Өөрийн нэрийн хуудсыг хоёр гараараа барьж, бичгийг үйлчлүүлэгч, харилцагч руу харуулсан байдалтай солилцох ба уулзалт дуусах хүртэл үйлчлүүлэгч, харилцагчийн нэрийн хуудсыг ил байлгана.

4.2.4 Анх удаа уулзаж байгаа үйлчлүүлэгчийн нэр, албан тушаал, байгууллагын нэр зэргийг буруу хэлэхгүй байхад анхаарах

4.2.5     Үйлчлүүлэгчийн тавьсан асуултанд товч, тодорхой, ойлгомжтой хариулах

Үйлчлүүлэгчдийн тавьсан санал, хүсэлт, асуултыг анхааралтай сонсож, ярьж дууссаны дараа ярьж эхлэх ба асуудлыг шуурхай, оновчтой шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах

              4.2.6 Өөрийн албан байранд зохиогдсон уулзалтын дараа үйлчлүүлэгчийг заавал үдэж өгѳх

4.2.7 Ирсэн үйлчлүүлэгчээс зорилго, хэрэгцээг эелдэгээр асууж, шаардлагатай тусламжийг үзүүлэх

              4.2.8 Уулзахаар ирсэн зочныг хүлээлгэх тохиолдолд ажилтан цаг алдалгүй өөрийн биеэр мэдэгдэх

4.2.9     Урьдчилж товлосон хугацаанд үйлчлүүлэгч, харилцагчтай уулзах боломжгүй бол заавал урьдчилж мэдэгдэх

4.2.10   Хэцүү үйлчлүүлэгчтэй харьцах тохиолдолд тайван байж яриаг дуустал сонсох ба ойлголцолд хүрч чадахгүй тохиолдолд дараагийн шатны удирдлагадаа асуудлыг уламжилж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах

4.2.11  Стандартыг  ажлын байранд болон ажлын бус орчинд үйлчлүүлэгчтэй

харьцах үед мөн дагаж мөрдөх

                                Үйлчлүүлэгчтэй  харьцахад хориглох үйлдлүүд:  

4.2.12   Үйлчлүүлэгчийн буруу байсан ч маргахгүй  байх;

4.2.13 Өөрийн үг яриа, үйл хөдлөлөөр үл тоомсорлосон, үл хүндэтгэсэн байдал гаргахгүй. Тухайлбал, үйлчлүүлэгчийн дэргэд хувийн шинжтэй зүйл хийх, хувийн яриа өрнүүлэхээс зайлсхийх ба бохь зажилах, өөр хоорондоо өндөр дуугаар ярилцах, инээх, юм унших, хөгжим тавих, тоглоом тоглох, бүдүүлэг үг хэллэг хэлэх, маргалдах зэрэг зохисгүй үйлдэл хийхгүй байх;

4.2.14  Үйлчлүүлэгчийн нэрийн хуудсыг уншихгүйгээр далд хийх, уулзалтын ширээн дээр орхиж явахгүй байх

4.2.15  Үйлчлүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ үйлчлүүлэгч хэрэгжүүлээгүй нөхцөлд түүнийг буруутгах, шүүмжлэх, дайрч давшилсан үг хэллэг хэлэх, зохисгүй үйл хөдлөл хийхгүй байх;

                              Үйлчлүүлэгчтэй утсаар харьцах харилцааны стандарт:

4.2.16     Албаны утасны хонхыг 3 дуугарахын дотор авна.

            4.2.17 Албаны утасны харилцуурыг авахдаа “Сайн байна уу, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-тай холбогдож байна, танд юугаар туслах вэ” гэж хэлнэ.

4.2.18 Өөрийн нэр, албан тушаалыг үйлчлүүлэгчид мэдэгдэхдээ товчилсон хэллэг хэрэглэхгүй, бүрэн хэлнэ.

4.2.19 Үйлчлүүлэгчтэй холбогдсон үедээ албаны үг хэллэгээр харьцана. Харилцаж буй талдаа ойлгомжтой байхаар тод, чанга ярина.  Асуусан зүйлд нь үнэн зөв хариулт өгч, ярьж дуусгаад “Баярлалаа, баяртай” гэж заавал хэлнэ. 

            4.2.20 Үйлчлүүлэгчийн харьцахыг хүссэн ажилтантай холбож өгөхдөө “Та түр хүлээнэ үү, би холбож өгье” гэх ба тухайн ажилтан байхгүй тохиолдолд шаардлагатай мэдээллийг тэмдэглэн авч зурвас үлдээнэ.

Зурваст дараах мэдээлэл байна :

§  Утасдсан харилцагчийн нэр, албан тушаал

§  Эргэн холбоо барих утасны дугаар

§  Хэлэх гэсэн гол зүйл

§  Утсаар ярьсан огноо, цаг

§  Зурвас бичсэн ажилтны нэр

4.2.21 Үйлчлүүлэгчийг утас салгаагүй тохиолдолд түрүүлж утсаа салгахгүй байна.

           4.2.22 Албаны дугаартай гар утсыг ажлын цагаар салгахгүй, байнга биедээ авч явах ба гар утасны хонхыг сул тавина.

           4.2.23 Албаны дугаартай гар утсаар харьцахдаа ажлыг товч, тодорхой ярих ба хувийн яриа өрнүүлэхгүй байна. 

                         Үйлчлүүлэгчтэй утсаар харьцахад хориглох үйлдлүүд:

            4.2.24 Үйлчлүүлэгчтэй холбогдсон үедээ хайнга хандах, бүдүүлэг үг хэлэх, бохь зажлах, юм идэх, мэргэжлийн төвөгтэй хэллэгээр болон хэт удаан эсвэл хурдан ярих, бусадтай ярих, удаан хүлээлгэхийг хориглоно.

                    Ажилтан хоорондын харилцааны стандарт:    

         4.2.25 Байгууллага, хамт олны эрх ашгийг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр тавина.

           4.2.26 Ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөж, бусад ажилтнуудын эрх ашиг, үүрэг хариуцлагад хүндэтгэлтэй хандана.

           4.2.27 Ажилтан хоорондын харилцаа нь эелдэг боловсон, өөрийгөө болоод бусдыг хүндэтгэсэн, асуудлыг ойлгохыг эрмэлзсэн, туслахыг хичээсэн, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байна.

           4.2.28 Ямагт бусдыг эхэлж сонсож, өөрийн сөрөг сэтгэл хөдлөлийг зөв удирдан бусдын сэтгэл зүйд дарамт, шахалт учруулахгүй байна.

           4.2.29 Удирдах, удирдуулах ёсыг чанд баримталж, үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлнэ.

4.2.30  Хурал зөвөлгөөн болон харилцагч, зочдын дэргэд бусад ажилтныг бүтэн нэрээр эсвэл албан тушаалаар нь дуудна. 

           4.2.31 Ажилтан “мэдэхгүй, чадахгүй, боломжгүй, байхгүй, үгүй” зэрэг татгалзсан, үгүйсгэсэн үг хэллэгийг аль болох хэрэглэхгүй бөгөөд тухайн нөхцөл байдал нь байгууллагын журмаар хориглосон үйлдэл бол энэ талаар харилцагчид учирлан ойлгуулж, эелдэгээр татгалзана.

                  4.2.32 Хувийн асуудлаар утсаар ярих шаардлага гарсан үед бусдын ажилд саад болохгүйн үүднээс өрөөнөөс гарч ярина. 

            4.2.33 Хамт олны эвсэг, ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх, багаар үр дүнтэй хамтран ажиллахын төлөө бие биедээ зарчимч шаардлага тавьж, шүүмжлэлд хүлээцтэй хандаж ажиллана. 

                        Ажилтан хоорондоо харьцахад хориглох үйлдлүүд:

4.2.34   Бусдыг ялгаварлан гадуурхахгүй;

4.2.35   Хов жив, сул яриа ярихгүй;

                        Гомдол гарсан тохиолдолд баримтлах стандарт:

             4.2.36 Эхлээд үйлчлүүлэгчээс болон ажилтнаас уучлал хүсч, тайван байдлаар хэлэх үгийг  дуустал нь сонсох;

4.2.37   Бусдыг шууд эсэргүйцэж, өөрийгөө өмөөрсөн үг аяс хэлж болохгүй.

4.2.38   Асуудалд шуурхай хандан, үүссэн нөхцөл байдлыг залруулж, асуудлыг шийдвэрлэдэг  байх;

4.2.39   Өөрөө шийдвэрлэх боломжгүй, чадахгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд даруй мэдэгдэx;

4.2.40  Шаардлагатай тохиолдолд хэцүү үйлчлүүлэгчидтэй бусад үйлчлүүлэгчийн дэргэд бус, өөр өрөө, тасалгаанд уулзаx; 

 4.3  Хувцаслалтын стандарт:

            4.3.1 Оффисын ажилтнууд нь ажил хэрэгч байдлаар хувцаслах буюу костюм пиджак, срочкон цамц, юбка, брюкэн өмд өмсөх ба үйлчилгээний ажилтнууд нь эрээн бус цэвэр байдлаар хувцаслах;

4.3.2    Хувцас цэвэр, индүүдлэгтэй, ямар нэгэн толбогүй, үрчлээгүй байх ба товч тасарсан эсэхэд анхаарax;

4.3.3     Эрэгтэй ажилтнууд сахал, урт хууз тавихгүй, ээмэг зүүхгүй байx;

              Хориглох хувцаслалт:

4.3.4    Эмэгтэй ажилтнууд өвдөгнөөс дээш урттай банзал, даашинз болон мөр цээж, бэлхүүс ил гарсан майк, цамц, торгон хувцас өмсөхгүй.  

4.3.5    Ажлын ѳдрүүдэд жинсэн болон спорт хувцас, малгайтай  цамц, ретүзэн өмд эмэгтэй ажилтнууд өмсөхгүй.

4.3.6    Эрэгтэй ажилтнууд спорт хувцас, чөлөөт стилийн подволк, пүүз, жинсэн өмд цамц өмсөх, хурц үнэртэй сүрчиг түрхэхийг хориглоно.   

Тав. Шинээр ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах

 

5.1 Шинээр ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах

5.1.1 Хэлтэс албаны даргаас дээш албан тушаалтныг Ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай Авлигатай тэмцэх газрын албан тоотыг үндэслэн томилно.

5.1.2 Ажилд шинээр орохыг хүссэн иргэн тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан гэж үзвэл дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

• Ажилд орохыг хүссэн өргөдөл

• Төрийн албан хаагчийн анкет №1 А,Б

• Түүх намтар

• Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, дипломын хуулбар

• Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

• Цахим үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэх

              Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар

  Цээж зураг /3x4 хэмжээтэй-4ш/

5.1.3 Шаардлагатай гэж үзвэл иргэнээс эрүүл мэндийн хуудас, хуучин ажиллаж байсан газраас ажил байдлын тодорхойлолт зэрэг нэмэлт баримт бичиг, дүгнэлтийг гаргуулж болно.

5.1.4 Иргэний хүсэлт, холбогдох бүх материалыг бүрдүүлсний дараа судлан үзэж, ажилд авах, эсхүл ажилд авахаас татгалзах, нөөцөнд авах шийдвэрийг авто баазын дарга гаргана. Иргэнийг ажилд авахаар шийдвэрлэсэн нөхцөлд газрын Даргын зөвлөлөөр хурлаар хэлэлцэж, газрын даргын тушаал гарна.

5.1.5  Ажилтан, ажилчдад ажлын байр, гүйцэтгэх ажил үүрэг, жишиг цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 хүртэлх сарын хугацаатай байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулна. Туршилтын хугацаа дуусмагц   хурлаар оруулж, үндсэн ажилтнаар томилох эсэхийг  шийдвэрлэнэ.

5.1.6 Шинээр томилогдсон ажилтан, ажилчдад газрын эрхэм зорилго, хэтийн зорилт, үнэт зүйлс, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт санамж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа, байгууллагын бусад дүрэм, журам, соёлыг танилцуулах, ажлын дадлага эзэмшүүлэх ажлыг тухайн хэлтэс, албаны дарга нар зохион байгуулан хэрэгжүүлнэ.

5.1.7 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) анхан шатны болон давтан зааварчилгааг Ашиглалтын инженер, өдөр тутмын зааварчилгааг тухайн ажил үүрэгтэй холбоотой аюулгүй ажиллагааны болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг хэсэг, нэгжийг хариуцан ажиллаж буй ажилтан (диспетчер-механик, мэргэжилтэн) өгнө.

5.1.8 Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтан, ажилчидтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт  оруулж  болно.

5.1.9 Ажилд томилогдсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор ажилчдад нийгмийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө.

5.2 Ажил түр орлох, түр шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, хавсран гүйцэтгэх

5.2.1. Ажилтныг түр шилжүүлэх, албан тушаал сэлгэн ажиллуулахдаа тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажилласан жил, дадлага туршлага, хүсэл сонирхол, идэвхи санаачлагыг харгалзан холбогдох албан тушаалтны мэргэжил, ур чадварыг үндэслэн газрын даргын тушаалаар томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна.

5.2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтын дагуу ажилтантай тохиролцон, үндсэн ажил үүргийнх нь зэрэгцээ удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, орон тоо дутуу байгаа, ээлжийн амралттай, албан томилолттой ажилтны ажлыг хавсруулан түр орлон гүйцэтгүүлж болно.

5.2.3. Ажил хавсран гүйцэтгэсэн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.2, 50.3 дах заалтыг үндэслэн нэмэгдэл хөлс олгож болно.

5.2.4. Ажилтан, ажилчдын ур чадварыг харгалзан, ижил төстэй ажлын байранд сэлгэн ажиллуулж болно. 

5.2.5. Ажилтан, ажилчин нь өөр ажилд томилогдох, шилжүүлэхэд өөрийн саналаа илэрхийлэх эрхтэй.

5.2.6. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн ажилтныг албан тушаал бууруулан ажиллуулж болно.  

5.3 Хөдөлмөрийн гэрээг цуцлах

5.3.1. Хөдөлмөрийн гэрээг талуудын санаачилгаар цуцалж болно.

5.3.2 Ажилтан, ажилчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид  30 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй.

5.3.3 Газар нь татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон, хэрэглэгчийн гомдол удаа дараа гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ба энэ тухайгаа ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.

5.3.4. Энэхүү журамд заагдсан ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн журмыг зөрчсөн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлийг үндэслэх ба 30 хоногийн хугацааг  баримтлах  шаардлагагүй.

5.4. Ажил хүлээлцэх

5.4.1. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, цуцлагдсан ажилтан тойрох хуудас авснаас хойш ажлын 3 хоног, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ давхар байгуулсан бол ажлын 5 хоногийн дотор ажил хүлээлцэх комиссыг байлцуулан ажлаа бүрэн хүлээлгэн өгч, холбогдох тооцоог дуусгана.

5.4.2 Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтнууд ажил хүлээлцсэн актын хуулбарын хамт тойрох хуудсыг зуруулж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтрийг хүлээлгэн өгнө.

5.4.3 Ажилчидтай тооцоо дуусгалгүйгээр тойрох хуудсанд гарын үсэг зурсан тохиолдолд  холбогдох  албан тушаалтан хариуцлага хүлээнэ.

 

Зургаа. Цаг бүртгэл ашиглалт, ажил амралтын цагийн горим

 

            6.1. Ажлын цаг

6.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу газрын ажилтнуудын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна.

6.1.2 Ажлын цаг нь жил бүрийн 06 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний хооронд өглөө 08.00-17.00 цаг, бусад хугацаанд 09.00-18.00 цаг, үдийн завсарлага 1 цаг байна. Дээд газрын тогтоол, шийдвэр болон зарим ажилчдын ажлын онцлогоос хамааран ажлын эхлэх цаг, дуусах цаг, завсарлах цагийг өөрөөр зохицуулж болно.

            6.2. Хурууны хээ бүртгэл

            6.2.1 Ажилтан нь ажилд ирэх, ажлаас тарахдаа цагийн бүртгэл уншигч төхөөрөмжөөр хурууны хээгээ бүртгүүлнэ.

6.2.2     Ажилтан нь томилолтоор ажилласан, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хурууны хээгээ уншуулаагүй бол ажил тасалсанд тооцно.

                 6.2.3 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас хоцрох тохиолдолд харьяалах хэлтэс болон байгууллагын удирдлагад урьдчилан мэдэгдэж тусгай бүртгэл, тэмдэглэгээ хийлгэсэн байх ба бүртгэл, тэмдэглэгээ хийгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно.

            6.2.4 Хурууны хээг тодорхой шалтгаанаар бүртгүүлээгүй бол цаг бүртгэлийн хуудсанд шалтгаанаа тодорхойлон бичиж харьяалах хэлтэс болон байгууллагын удирдлагаар гарын  үсэг  зуруулж, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст бүртгүүлнэ.

            6.2.5 Хурууны хээ уншигч төхөөрөмж ажиллахгүй тохиолдолд админ буюу Дотоод үйл ажиллагаа, мэдээлэл  технологи хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэнэ.

            6.3. Цагийн бүртгэлд орохгүй ажилтны бүртгэл

            6.3.1.Байгууллагын удирдлагаас баталгаажсан ажилтан буюу тусгай ажлын /зочины үйлчилгээ, онцгой байдал/ шаардлагаар ажилтан нь ажилд ирэх, ажлаас тарахдаа диспетчер-механикт бүртгүүлэх  бѳгѳѳд цагийн бүртгэлийг цаг, минутаар нарийн тооцож  бүртгэл  хөтөлнө.

            6.3.2.Ажилтан нь томилолтоор ажилласан, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно.       /Чөлөө олгох хуудас 1 дүгээр хавсралт/

            6.4. Гадуур ажиллах ажилтны тусгай бүртгэлийн дэвтэр  түүнд тавигдах шаардлага

            6.4.1 Ажил үүргийн хүрээнд гадуур ажиллах шаардлагатай /хурал, семинар, уулзалт шалгалт/ ажилтан нь өөрийн хэлтсийн даргад танилцуулан, гадуур ажлын дэвтэрт  бүртгэл  хийлгэнэ. Гадуур ажлын дэвтрийг диспетчер-механикууд бүртгэнэ. 

            6.5 Цаг ашиглалтын бүртгэл, түүнд хяналт тавих

            6.5.1.Хурууны хээ уншигч төхөөрөмж, цаг бүртгэлийн дэвтэр, цаг ашиглалтын байдалд Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, төлөвлөлтийн хэлтэс хяналт тавин ажиллаж, цаг бүртгэлийн тайланг сар бүр байгууллагын удирдлагад танилцуулна. 

            6.5.2.Сар бүрийн эхэнд дотоод үйл ажиллагаа, мэдээлэл технологийн мэргэжилтэн, санхүү, төлөвлөлтийн нягтлан бодогч нар ажилтан, албан хаагч нэг бүрээр цагийн төлөвлөгөөг нээж, цаг бүртгэгч, диспетчер-механикуудад танилцуулж хүлээлгэн өгнө.

            6.5.3.Хэлтэс, нэгжийн дарга нар хурууны хээ уншигч төхөөрөмж болон цагийн бүртгэлийн дэвтрээс ажилтан нэг бүрийн өглөө ажлаас хожимдсон буюу ажил тарах цагаас эрт гарсан минут бүрийн нийлбэр дүнг гарган сар бүрийн цагийн бүртгэлийн тооцоонд тусгана.

            6.5.4.Цаг бүртгэлийн системд дотоод үйл ажиллагаа, мэдээлэл технологийн мэргэжилтэн нь цагийн бүртгэлийг сард 2 удаа буюу сарын эхний, сүүлийн цалинг тооцох өдрийн өмнөх өдөр санхүү, тѳлѳвлѳлтийн хэлтэст нийт ажилтан бүрийн цагийн тооцоог гаргаж өгөхдөө ажилтан нэг бүрийн ажил тасалсан болон хоцролтын  мэдээллийг  хэлтсийн  дарга  нараар  баталгаажуулсан байна.

            6.5.5.Хурууны хээ уншигч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Дотоод үйл ажиллагаа мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн бүрэн хариуцаж, erp.ulaanbaatar.mn систем рүү өдөр бүр татуулж, хяналт тавьж ажиллана.

            6.5.6.Цаг бүртгэлийн дэвтрийн үнэн зөвийг цаг бүртгэгч, диспетчер-механикууд хэлтэс, нэгжийн удирдлагууд бүрэн хариуцна.

            6.6  Ажлын цаг ашиглалтыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

            6.6.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, тасалсан, зөвшөөрөлгүйгээр эрт явсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн 1 минут  тутмыг  500 төгрөгөөр тооцон тухайн сарын цалингаас суутгана.

           6.6.2  Ажилтны сарын хоцролтын нийт дүнгээс хамааран хууль тогтоомж, дотоод журмын дагуу дараах сахилгын арга хэмжээг ногдуулна. Үүнд:

            6.6.3 Хоцролт нь 200 минут хүрсэн тохиолдолд тухайн сарын ур чадварын нэмэгдлийг олгохгүй.

            6.6.4  Ажилтан хувийн зохион байгуулалтаа сайжруулаагүй буюу хоцролт нь удаа дараа буюу улирлын нийт хоцролт нь 400 минут хүрсэн тохиолдолд ХТХ-ийн 131.1.1, хөдөлмөрийн дотоод журмын дагуу сануулах сахилгын арга хэмжээ

              6.6.5  Хоцролт нь 600 минут хүрсэн тохиолдолд ХТХ-ийн 131.1.2-т заасны дагуу үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын арга хэмжээг тус тус ногдуулна.

            6.6.6  Олон нийтийг хамарсан сайн дурын оролцооноос бусад арга хэмжээ болон дотоод сургалт, мэдээллийн цагийг ажлын цагийн адил бүртгэнэ.

           6.6.7 Арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй ажилтны тухайн өдөрт ногдох цалинг тасалсан цагаар нь тооцож, байгууллагын даргын тушаал  шийдвэрээр цалингаас хасч тооцно.

            6.6.8 Ажилтан нь энэхүү журмыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах үндэслэл болно.

            6.7. Чөлөө олгох

6.7.1 Ажилтан зайлшгүй шаардлагаар чѳлѳѳ авах тохиолдолд чѳлѳѳ олгох хуудсыг бѳглѳж 2 цагийн чѳлѳѳг шууд харьяалагдах хэлтсийн удирдлагаас, түүнээс дээш хугацааны чѳлѳѳг байгууллагын удирдлагаас баталгаажуулж авна.

6.7.2 Ажилтны эхнэр /нөхөр/, эцэг /эх/ хадам эцэг /эх/ хүүхдийн буяны ажилд цалинтай чөлөө олгож болно.

6.7.3 Ажилтан өөрөө хуримаа хийх, гэр бүл нь хүүхэд төрүүлсэн  тохиолдолд ажлын  5 хүртэлх өдрийн цалинтай болон цалингүй чөлөө олгож болно.

6.7.4 Хөдөө орон нутаг болон гадаадад байгаа хүнд өвчтэй төрсөн эцэг, эх, хадам эцэг, эх гэр бүлийн гишүүнээ асарч сувилахаар явахад хуанлийн 1 сар хүртэлх  өдрийн цалингүй чөлөө олгож болно.

6.7.5 Албан хаагчид ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд эмчлүүлбэл ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгож болно.

6.7.6 Ажилтан, ажилчин болон түүний эцэг /эх/, эхнэр /нөхөр/, хүүхэд хүнд өвчний улмаас эмчлүүлэхэд магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагаас олгосон  магадлагааг  үндэслэн цалинтай болон цалингүй чөлөө олгож болно.

6.7.7 Ээлжийн амралтаа эдлээгүй ажилтны нэг ба түүнээс дээш өдрийн чөлөөг  ээлжийн амралтанд оруулан тооцож болно.

6.7.8 Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, өвчтэй байгаа тохиолдолд эмнэлгийн магадлагаагаар чөлөө олгоно. Ажилтан, ажилчин өвчтэй шалтгаанаа хэлтэс, албаны даргад мэдэгдэнэ.

6.7.9  Ажилтан, ажилчин нь өөрийн хүсэлтээр их дээд сургуульд /орой, эчнээгээр/ суралцах хүсэлтээ гаргасан тохиолдолд баазын дарга, ажилтантай тохиролцон ажлын цагийн зохицуулалт хийж, ажлын бус цагаар ажлаа хийх, /цалинтай, цалингүй/ чөлөө олгож суралцах боломжоор ханган ажиллана.

6.7.10 Хөдөлмөрийн тухай хуулийн 103, 105, 106 дугаар зүйлд заасны дагуу ажилтан эх /ганц бие эцэгт нэгэн адил хамаарна/-д хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага, хүүхэд асрах чөлөө мөн хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу ажилтанд жирэмсний ба амаржсаны амралт олгоно.

6.8  Ээлжийн амралт

6.8.1 Хэлтэс, албадаас ирүүлсэн саналыг үндэслэн Захиргаа хүний нөөцийн хэлтэс нийт ажилтан ажилчдын ээлжийн амралтын хуваарийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлд заасны дагуу боловсруулан нэгтгэж, жил бүрийн 1 дүгээр сард  багтаан  Авто баазын  даргын тушаалаар  батална.

6.8.2 Ээлжийн амралт хоорондын хугацаа 6 сараас дээш байна. Ажилчдын ажилласан нийт хугацааг харгалзан ажилтан, ажилчин бүрийн нэмэгдэл амралтын хугацааг  жил  бүр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шинэчлэн тогтооно.

6.8.3 Ээлжийн амралтаа тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх ажилтан, ажилчдын хүсэлтийг харгалзан үзнэ.

6.8.4 Шинээр томилогдсон ажилтанд томилогдсоноос хойш 11 сар бүтэн ажилласан бол ээлжийн амралт олгоно, жирэмсэний амралт авсан тохиолдолд амралтын зөрүүг тооцон олгож болох бөгөөд, хүүхдээ асрах чөлөө нь дуусаад ажилдаа эргэн орсон ажилтан 11 сар бүтэн ажиллаж, ээлжийн амралт авах эрх үүснэ.

6.8.5 Ээлжийн амралт олгох тушаал болон мэдэгдлийг Хүний нөөцийн менежер, нягтлан бодогчид хүргүүлж ээлжийн амралтын мөнгөн олговрыг олгоно.

6.8.6 Ажилтан ажлаас халагдах тохиолдолд ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцоог  хийж дуусгана.

6.8.7  Ажилтан жилд 1 удаа ээлжийн амралтаа биеэр эдэлнэ. Хуваарийн дагуу амрах боломжгүй тохиолдолд хэлтэс, албадын удирдлагууд ажил, хуваарийг зохицуулж, ээлжийн амралтыг эдлүүлнэ.

6.9   Албан томилолт

6.9.1 Ажилтан нь газрын даргын шийдвэрээр тодорхой хугацаагаар гадаадад болон орон нутагт явж албан ажил гүйцэтгэхийг албан томилолтоор ажилласанд тооцно.

6.9.2 Ажилтан нь төлөвлөгөөт буюу цаг үеийн ажлаар, албан томилолтоор ажиллахдаа баталсан удирдамжийн дагуу ажиллах бөгөөд томилолтын гүйцэтгэлийн тухай илтгэх хуудсыг томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан өгч удирдлагадаа  танилцуулж  томилолтоо дүгнүүлнэ.

6.9.3 Албан томилолтод шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хэмжээгээр байгууллагын санхүүгээс олгох бөгөөд зардлын тооцоог томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор хийж дуусгана.

6.9.4 Албан томилолтоор ажилласан ажилтан томилолтын хуудсанд очсон, буцсан он сар өдрийг тэмдэглүүлж, тухайн албан байгууллагын удирдлагаар гарын үсэг зуруулж тэмдэг даруулж, баталгаажуулсан байна.

           6.10 Илүү цаг

            6.10.1 Ажилчдыг илүү цагаар, нийтээр амрах болон баяр ёслол, амралтын өдөр, урьдчилан мэдэх боломжгүй онцгой яаралтай зайлшгүй хийх шаардлагатай ажилд ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу илүү  цагийн хөлсийг  тооцож олгоно.

   6.10.2 Нийслэлийн Засаг даргын захирамжаар онц байдал, зочины үйлчилгээ, цаг үеийн онцгой /байгууллагын онцлог/ албан ажилд жолооч нарыг илүү цагаар  ажиллуулсан тохиолдолд илүү цагийн хөлсийг тооцохдоо “Автомашинаар үйлчлэх гэрээ”-ний дагуу гэрээт байгууллагаас оруулсан илүү цагийн орлогын 80 хувиар тооцож олгоно.

Долоо. Цалин хөлс, шагнал урамшууллын журам

 

7.1. Цалин хөлс, нэмэгдэл

7.1.1. Албан хаагчдын цалин хөлс, цалингийн зэрэглэл  шатлалыг  Засгийн газрын тогтоол шийдвэрийг үндэслэн даргын тушаалаар тогтоож олгоно.

7.1.2. Цалинг хоёр удаа сар бүрийн 10, 25-ны өдөр олгоно. Цалин олгох өдөр нь 7 хоногийн амралтын болон нийтээр амрах өдөр таарвал өмнөх эсвэл дараах ажлын өдөр олгоно.

7.1.3. Ажилтан хууль тогтоомжийн дагуу үндсэн ажлын зэрэгцээ тусгай ажил, үүрэг давхар хариуцаж ажилласны төлөө үндсэн цалингаас нь тооцож нэмэгдэл  хөлс олгож болно.

7.1.4. Хөдөлмөрийн нөхцөл, ажил үйлчилгээний онцлог, мэргэжил, мэргэшил, авто баазын санхүүгийн чадамжтай уялдуулан ажилтнуудын албан тушаалын сарын үндсэн цалин, холбогдох нэмэгдлийг тогтоож даргын тушаалаар баталж, мөрдөнө.

7.1.5. Ажилтны цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, нөхөн олговрын хэмжээг өөрчлөх асуудлыг  даргын тушаалаар шийдвэрлэнэ.

7.1.6. Ажилтанд ажилласан өдрөөр тооцон хоол, унааны нэмэгдэл олгоно.

            7.1.7 Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт ын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно.

 

Төрийн алба хаасан хугацаа (жилээр)

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

6-10 жилд

5

11-15 жилд

10

16-20 жилд

15

21-25 жилд

20

26 ба түүнээс дээш

25

       

7.1.8 Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчдад төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно. 

          7.1.9 Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу албан хаагчид мэргэжлийнхээ дагуу тухайн албан тушаалыг эрхэлж байх хугацаанд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу сар бүр олгоно.

7.2. Шагнал урамшуулал.

7.2.1 Байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлтээс хамааран газрын даргын шийдвэрээр хэлтэс, алба болон ажилтан, ажилчдад ажлын үзүүлэлтийн үнэлгээг үндэслэн, улирал, хагас бүтэн жилээр мөнгөн урамшуулал олгож болно.

            7.2.2 Ажилтан албан хаагчдын ажлын амжилтыг дүгнэж оны “Хөдөлмөрийн аварга”, “Шилдэг ажилтан” шалгаруулан сарын үндсэн цалингийн 100 хүртэл хувиар шагнаж урамшуулна.  Үүнд:

            7.2.3 “Оны Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан байгууллагын “Хүндэт самбар”-т байршуулан хамт олонд алдаршуулж, дагалдах  мөнгөн  урамшуулал;

     7.2.4 “Оны шилдэг ажилтан”-аар шалгаруулах, дагалдах мөнгөн урамшуулал;

7.2.5     “Оны шилдэг залуу ажилтан”-аар шалгаруулах, дагалдах мөнгөн урамшуулал;

            7.2.6 “Оны шилдэг удирдах ажилтан”-аар шалгаруулах, дагалдах мөнгөн урамшуулал;

            7.2.7 Өөрийн нөөц бололцоогоо ашиглан, эдийн засгийн хэмнэлт гарган, орон тоог хэмнэн, давхар ажил үүрэг гүйцэтгэж өндөр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан, ажилчдыг холбогдох хууль тогтоомж, журмын шалгуур үзүүлэлтийн дагуу хэлэлцэж, улирал тутам даргын тушаалаар үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар урамшуулал олгоно.

7.2.8 Тогтвор суурьшилтай, амжилт гарган ажиллаж байгаа ажилтан, ажилчдыг байгууллагаас тодорхойлон удирдах дээд байгууллагын болон төрийн дээд шагналаар шагнуулахаар холбогдох байгууллагад уламжилна.

7.2.9 Шагналд нэр дэвшүүлж байгаа ажилчдын тодорхойлолт, саналыг хэлтсийн дарга нараас хурлын тэмдэглэлийн хамт Захиргаа, хүний нөөцийн хэлтэс хүлээн авч даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох байгууллагуудад уламжилна.

7.2.10 Төрийн дээд одон /Алтангадас одонгоос дээш/ медалиар шагнагдсан болон тэтгэвэрт гарсан ажилтнуудад 300.000 төгрөгт багтаан, бэлэг дурсгалын зүйл олгоно.  

7.2.11 Байгууллагад 5-аас дээш жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнуудын байгууллагад оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн байгууллагын үйл ажиллагааны орлогоос 1.000.000-1.500.000 төгрөгийн урамшуулал, бэлэг дурсгалын зүйл олгоно.

                        5-10 жил                                1.000.000 төгрөг

                        11-ээс  дээш                         1.500.000 төгрөг

7.2.12 Төрийн дээд одон медалиар шагнуулсан байгууллагын өндөр настанд баазын зөвлөлийн хурлын шийдвэрээр бэлэг дурсгалын зүйл олгоно.

           

Найм. Албан хаагчдын нийгмийн асуудал, тусламж  тэтгэмж, нөхөн олговор

 

8.1 Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 59, 60, 61, 62 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам”, 2019 оны 7 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, 2019 оны “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”д  зааснаас  гадна дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

8.1.1 Байгууллагын “Албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах талаар хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, сургах, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг  шийдвэрлэн ажиллана. 

8.1.2 Байгууллагад 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж гэр, орон сууц хүссэн болон орон сууцны нөхцлөө сайжруулах талаар өргөдөл, хүсэлт гаргасан албан хаагчдад /холбогдох баримтыг хавсаргана/ амьдралын байдлыг нь харгалзан 1.000.000-5.000.000 хүртэл төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

8.1.3 Ердийн галлагаатай сууцанд амьдардаг ажилтны ар гэрт өвлийн улиралд сайжруулсан түлш авахад нь зориулж жилд 1 удаа 20 хүртэлх шуудай түлшний дэмжлэг үзүүлнэ.    

            8.1.4 Ажилтан нь тэтгэмж, буцалтгүй тусламж хүссэн өргөдөлдөө шалтгаанаа тодорхой бичиж, холбогдох баримт бичгийг хавсаргаж, бичиг хэргийн ажилтанд өгнө.  Газрын даргын тушаал шийдвэрээр буцалтгүй тусламж, тэтгэмжийг олгоно.

8.2         Ажилтан, албан хаагчийн гэр оронд нь гачигдал тохиолдсон үед дараах  байдлаар  буцалтгүй  тэтгэмж, тусламж  олгоно Үүнд:

            8.2.1 Ажилтан  эрүүл  мэндийн  байдлаас  болж  хөдөлмөрийн чадвараа  алдан тахир, дутуугийн групп, аюултай хүнд өвчнөөр өвчилсөн нь эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлогдсон /хортой, хоргүй хавдарын үед/ 200.000-300.000 хүртэл төгрөгийн, донорын үүрэг гүйцэтгэх үед 400.000-500.000 хүртэл төгрөгийн, группэд орж цаашид ажиллахгүй болсон тохиолдолд байгууллагад ажилласан жилээс нь хамааруулан 200.000-500.000 хүртэл төгрөгийн буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно.

8.2.2 Ажилтан, албан хаагч нас барсан тохиолдолд ар гэрт нь 3 /гурав/ сарын цалинтай тэнцэх хэмжээний  буцалтгүй тусламж

8.2.3 Ажилтны эхнэр, нөхөр, төрсөн эцэг /эх/, хадам эцэг /эх/, төрсөн хүүхэд төрсөн ах, эгч, дүү  нас  барсан бол  200.000 төгрөгийн,

8.2.4 Байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан өндөр настан нас барсан тохиолдолд ар гэрт нь  300.000 төгрөгийн,  

8.2.5 Ажилтны өөрийн гэр, орон байр нь гал түймэр, үер усны аюул зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн үед онцгой байдлын дүгнэлт холбогдох  баримт  бичгийг  үндэслэн  500.000 хүртэл төгрөг.

8.2.6 Шинээр ажилд орсон ажилтан 6 сараас доошгүй хугацаагаар ажилласны дараа  буцалтгүй тусламж, тэтгэмж  авах эрх үүснэ.

8.2.7 Амьдралын хүнд нөхцөлд байгаа 3 хүртэлх насны хүүхдийг үрчилж авсан бол ажилтны үрчилсэн хүүхдэд 250.000 хүртэл төгрөгийн /эд хөрөнгийн/ туслалцаа үзүүлж  болно.

            8.2.8 Ажилтан, албан хаагчдад буяны ажлын үед нь хүн хүчний болон унааны туслалцаа үзүүлж, автомашиныг  3 /хөдөө, орон нутагт 5/ хоног  хэрэглүүлнэ.

8.3 Ажилтан дараах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол авто баазад ажилласан хугацааг харгалзан албан тушаалын 3 хүртэлх сарын үндсэн цалинтай  тэнцэх  хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно. Үүнд:

8.3.1 Эрүүл мэндийн шалтгаанаар албан ажлаа гүйцэтгэх чадваргүй болж, 3 сараас доошгүй хугацаагаар эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай болсон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон.

8.3.2 Орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон, орон тоо цомхтгогдсон.

            8.3.3 Өндөр насны тэтгэвэрт гарахад авто баазад тасралтгүй ажилласан жилээс хамааран /3-18 сарын цалинтай тэнцэх/ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг  удаагийн  буцалтгүй  тэтгэмж  олгоно.  

          Авто баазад  ажилласан  жил                             Тэтгэмжийн  хэмжээ  

             2-5  хүртэлх  жил                                                    3 сарын  үндсэн цалин

             6-10 жил                                                                   6 сарын  үндсэн цалин                                                                                                                                                                                                               

             11-15 жил                                                                 9 сарын  үндсэн цалин

             16-20 жил                                                              12 сарын  үндсэн цалин

            21-25 жил                                                              15 сарын  үндсэн цалин

            26-аас  дээш                                                          18 сарын  үндсэн цалин

8.4  “Хуримтлалын сан”

8.4.1  Байгууллагын  ажиллагсад, хамт  олны  зохион байгуулалттай буяны болон бусад  ажилд  зориулан  ХУРИМТЛАЛЫН САН байгуулж, ажилтан, албан хаагчдын сар бүрийн  үндсэн цалингаас  20000 төгрөгийг  суутгаж уг санг  бүрдүүлж  ажиллана. 

8.4.2. “Хуримтлалын сан”-г хариуцах ажилтныг байгууллагын даргын тушаалаар томилно. Хариуцсан ажилтан журмын дагуу захиран зарцуулж, зарцуулалт тооцоог Ерөнхий нягтлан бодогчтой  хамтран тайлагнан ажиллана.

 

               Ес. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах журам

 

            9.1. Байгууллагын соёлыг хэвшүүлэх зорилгын хүрээнд хамт олны дунд олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулж,  байгууллагын “Хүний нөөцийн хѳгжлийн хѳтѳлбѳр”-ийн салшгүй хэсэг байх бөгөөд энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах зааврыг  мөрдөж ажиллана.

            9.1.1 Хамрах хүрээ: Байгууллагын нийт ажилтнууд

            9.1.2 Нэр томьёоны тодорхойлолт:

            Олон нийтийн арга хэмжээ: Жил бүр зохион байгуулах спорт, явган аялал, зугаалга, сайн үйлсийн аян гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ

      9.2.  Эрх үүрэг, хариуцлага:      

            9.2.1.Байгууллагын удирдлага: Тухайн зохиогдох арга хэмжээний хөтөлбөртэй танилцаж, хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 3 хэлтсийн дарга нараар удирдуулан томилж, 4 сарын хугацаагаар хуваарь гаргуулж, жилийн 12 сарын хугацаанд зохион байгуулагдах удирдамж, хөтөлбөрийг батлан ажиллуулах үүрэгтэй болно.

            9.2.2 Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга: Өөрсдийн хуваарьт сард зохиогдох олон нийтийн арга хэмжээний хѳтѳлбѳр, тѳсѳв, тѳлѳвлѳгѳѳг боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулах үүрэгтэй ба батлагдсан хѳтѳлбѳрийг ѳѳрийн нэгжийн ажилтнуудад хуваарилж, ажилтнуудыг идэвхтэй оролцуулах хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

            9.2.3 Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга: Өөрсдийн хуваарьт сард зохиогдох олон нийтийн арга хэмжээний хѳтѳлбѳр, тѳлѳвлѳгѳѳг боловсруулж батлагдсан хѳтѳлбѳрийн дагуу ѳѳрийн нэгжийн харьяанд байгаа ажилтнуудад хувиарлах, ажилтнуудыг идэвхтэй оролцуулах, тѳсвийн биелэлтэд хяналт тавьж ажиллана. 

            9.2.4 Тээвэр, зохицуулалтын хэлтсийн дарга: Өөрсдийн хуваарьт сард зохиогдох олон нийтийн арга хэмжээний хѳтѳлбѳр, тѳсѳв, тѳлѳвлѳгѳѳг боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулах үүрэгтэй ба батлагдсан хѳтѳлбѳрийг ѳѳрийн нэгжийн ажилтнуудад хуваарилж, ажилтнуудыг идэвхтэй оролцуулах хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

            9.2.5  Олон нийтийн хороо: Нэгжүүдээс бүрдсэн олон нийтийн хорооны гишүүд нь  бусад 3 хэлтсийн удирдлагуудтай хамтран олон нийтийн арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж, батлагдсан  хөтөлбөрийн дагуу ажилтнуудын 80%-иас доошгүй хувийг оролцуулж, үр дүнтэй зохион байгуулна.

            9.2.6 Ажилтан: Байгууллагаас зохион байгуулж буй аливаа олон нийтийн хѳтѳлбѳрүүдэд идэвхтэй оролцож, баг хамт олны гишүүний үүргийг ухамсартайгаар гүйцэтгэнэ.

            9.3 Үндсэн үйл ажиллагаа

            Байгууллагын соёлыг хэвшүүлэх зорилгын хүрээнд зохиогдож буй олон нийтийн арга хэмжээ гэдэг ойлголтод жил бүр тогтмол дараах арга хэмжээнүүд орох ба үүнд :

            9.3.1 Спортын наадам, явган аялал, зугаалга, сайн үйлсийн аян /буяны, хандивын, эргэлт/ өглѳѳний цай хѳтѳлбѳр, нийгмийн хариуцлагын аян /мод тарих, бүх нийтийн цэвэрлэгээ/ эрүүл амьдралын хэв маяг аян /спорт заал, хорт зуршлаас сэргийлэх, бие бялдрын сорил/

          9.3.2 Байгууллагын хэмжээнд зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээний хугацаа, байршлын талаарх мэдээллийг тухайн арга хэмжээг зохион байгуулж байгаа олон нийтийн хорооноос 5 хоногийн өмнө ажилтнуудад урьдчилан мэдэгдэнэ.    

          9.3.3 Спортын наадмыг зохион байгуулах комисс нь хэлтсийн дарга нараар удирдуулсан комисс байх бѳгѳѳд гишүүдийг баазын зѳвлѳлийн хурлаар томилно.

          9.3.4 Зохион байгуулах комисс нь спортын арга хэмжээг зохион байгуулах хугацаа, байршил, шагналын санг тодорхойлж, арга хэмжээ эхлэхээс 14 хоногийн өмнө ажилтнуудад мэдээллийн шугамаар мэдээлж, үйл ажиллагааны төсвийг боловсруулан  удирдлагаар батлуулна.

            Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

  9.3.5 Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй үндсэн ажилтнуудын  16-аас  доош насны хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

          9.3.6 Ажилтны хүүхдэд өгөх бэлгийн төсөв /байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны журмын дагуу/, 0-16 насны хүүхдийн судалгаа, бэлгийн сонголтыг дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гаргаж, ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион байгуулах арга хэмжээний төсвийг 5 дугаар сарын 25-ны дотор байгууллагын удирдлагаар батлуулна.

          Авто тээвэрчдийн өдөр

 9.3.7 Авто тээвэрчдийн өдрийг зохион байгуулах комисс нь баазын зѳвлѳл болон олон нийтийн хорооны гишүүдээс бүрдэх бѳгѳѳд комиссын даргыг байгууллагын удирдлагаас томилно. 

 9.3.8 Авто тээвэрчдийн өдрийг тохиолдуулан байгууллагын удирдлагаас  нийт  ажилтнууддаа зориулсан баярын мэндчилгээ хүргэнэ.

  9.3.9 Авто тээвэрчдийн өдрийн арга хэмжээг нийт ажилтнуудын дунд өдөрлөг  хэлбэрээр зохион байгуулна /Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны журмын дагуу/.

           Ахмадын өдөр

            9.3.10 Ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагын удирдлагын зүгээс ахмад, өндөр  настнууддаа  зориулсан баярын мэндчилгээ хүргэнэ.  

           9.3.11 Байгууллагад ажиллаж байсан ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. 

            Нийслэл хот үүсэн байгуулагдсан өдөр         

9.3.12 Нийслэл хот үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан нийслэл хотоо хөгжүүлэх үйлсэд олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан албан хаагчдыг нийслэлийн удирдах дээд байгууллагын шагналаар шагнуулах ажиллагааг зохион байгуулж хүндэтгэл үзүүлнэ.  

          Шинэ жил

          9.3.13 Шинэ жилийн арга хэмжээг байгууллагын төсвөөс бус нийт ажилтан, албан хаагчдын өөрсдийн хандив, санал хүсэлт санаачилгын дагуу зохион байгуулах бөгөөд зохион байгуулах комисс нь баазын зѳвлѳл болон олон нийтийн хорооны гишүүдээс бүрдэх бѳгѳѳд комиссын даргыг байгууллагын удирдлагаас томилно. 

на.

 9.3.14 Зохион байгуулах комисс нь арга хэмжээний хөтөлбөр, төсвийг боловсруулж, 12 дугаар сарын 10-ны дотор санхүү, тѳлѳвлѳлтийн хэлтсийн даргад танилцуулан, өгсөн саналын дагуу шаардлагатай ѳѳрчлѳлтийг оруулж байгууллагын удирдлагаар батлуулна.

         9.4 Журамд холбогдох баримт бичиг 

         9.4.1. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны журам

         9.4.2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам

          9.4.3. Байгууллагын хуримтлалын сангийн журам

 

Арав. Дотоод аудит, хяналт  шалгалт

 

10.1 Дотоод аудит, дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг  Дотоод хяналт, аудитор хэрэгжүүлж, газрын даргын 2017 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг  байгууллагын үйл ажиллагаанд мөрдөхдөө “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7.2, 8.2.1 дэх  заалт, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг  удирдлага  болгоно.

10.2 Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг төлөвлөгөөний дагуу, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг “Төрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 52.1, энэхүү зааврын 3-т заасан үндэслэлээр, гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг өмнөх шалгалтын явцад болон улсын байцаагчийн албан шаардлага, акт, дүгнэлтэд заагдсан зөрчил, дутагдлыг зассан эсэх, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянах, шалгах зорилгоор тус тус зохион байгуулна.

10.3 Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулахдаа авто тээврийн үйлчилгээний стандарт, ажлын байран дахь эмх цэгц, соёлыг сайжруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, газрын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай  байдлыг хангахад холбогдох дүрэм, журмыг баримтлан мөрдөнө.

10.4 Байгууллагын  дүрэм, журам, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Архивын тухай хууль, байгууллагын албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартыг мөрдөх, дээд газрын тогтоол, захирамжийн хэрэгжилтэд тогтоол, захирамжийг, санхүү, аж ахуй, эдийн засгийн үйл ажиллагаанд  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрэм, журам, зааврыг, авто тээврийн үйлчилгээнд Авто тээврийн тухай хууль болон авто тээврийн хөдлөх бүрэлдхүүний техникийн үйлчилгээ, засварын тодорхойлолт, техникийн оношлогоо, үйлчилгээний талаарх стандартууд  бусад  холбогдох дүрэм, журам, зааврыг тус тус мөрдөн  ажиллана.

10.5 Нийслэлийн удирдах дээд байгууллага, Аудитын газар, Дотоод Аудитын алба болон мэргэжлийн байгууллагын шалгалтанд амжилттай оролцож, илэрсэн зөрчил дутагдлыг богино хугацаанд арилган, шалгалтын комиссоос ирүүлсэн зөвлөмжийг цаг тухайд нь хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хангуулж, заавар зөвөлгөө өгч ажиллана.

 

Арван нэг. Мэдээлэл технологийн үйл ажиллагаа

 

11.1 Ажилтан ажлын байранд суурилуулсан компьютерийн техник хэрэгсэл, төрөл бүрийн программ хангамж, мэдээллийн үйлчилгээ, дотоод сүлжээ, интернет сүлжээ болон холбоо ашиглах эрх, эдгээртэй адилтгах мэдээлэл холбооны бусад хэрэгсэл, үйлчилгээг зориулалтын дагуу бүрэн ашигтай, ариг гамтай ашиглаж, Газрын даргын 2018 оны А/34 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу ажиллана. 

11.2 Ажилтан нь мэдээлэл технологийн чиглэлийн мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх, олсон мэдлэгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллана.

11.3 Ажилтан нь мэдээллийн сангийн өгөгдөл болон зохиосон программ хангамжийн эх код /эх хувь/-ыг ажлаас өөрчлөгдсөн тохиолдолд албан ёсоор хүлээлгэн өгнө.

11.4 Мэдээллийн технологийг нэвтрүүлэн ашиглах үйл ажиллагаанд хориглох зүйл:

11.4.1 Компьютерийн сүлжээний сервер компьютер, адилтгах гол чухал тоног төхөөрөмжийн ашиглалтын журам зөрчин гэмтээн ажиллагаагүй болгох, компьютерийн сүлжээнд санаатайгаар вирус тараах, хэвийн үйл ажиллагааг ноцтой алдагдуулах;

11.4.2 Албан хэрэгцээний компьютер, сүлжээнд бусад техник хэрэгсэлд дур мэдэн өөр программ хангамж, файл суулгах, оруулах, хадгалах, байршуулсан өгөгдөл мэдээллийг дур мэдэн засах, өөрчлөх, утгыг гажуудуулах;

11.4.3 Компьютер техник хэрэгслийг гадны хүмүүсээр задлуулах, засварлуулах, эд ангийг дур мэдэн сольж өөрчлөх, ажлаас өөрчлөгдсөн тохиолдолд авч явах, түүнчлэн ажлын цагаар компьютерийн тоглоомоор тоглох, ёс зүйн бус видео бичлэг үзэх, үүнд бусдыг уруу татах, уриалах;

11.4.4  Мэдээлэл технологийн судалгаа шинжилгээний ажлууд болон техник хангамжийн гэмтэл доголдлыг тодруулах үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдөл мэдээллийг зохих журмын дагуу бүрдүүлж бэлтгэхгүй байх, санаатай худал ташаа мэдээлэл өгөх;  

 

                        Арван хоёр. Байгууллагын захиргаа, ажилтны эрх, үүрэг

 

12.1 Захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ

12.1.1 Газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ.

12.1.2 Ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр, ажлын хувцас, шаардлагатай техник, багаж хэрэгсэл,  автомашины  сэлбэг, шатахуунаар хангах

12.1.3 Ажилтны мэргэжил мэргэшил ур чадварыг дээшлүүлэх нөхцөл бололцоог олгох, дэмжлэг туслалцаа үзүүлэх

12.1.4 Хөдөлмөрийн сахилга дэг журмыг дээшлүүлэх, газрын хэмжээнд мөрдөгдөх хэм хэмжээг тогтоох, нэмэлт өөрчлөлт оруулах

12.1.5 Ажилтуудад хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс, урамшуулал, хоол, унааны мөнгийг нэмэгдүүлж, ур чадвар, төрийн алба хаасан хугацааны  болон  мэргэшлийн  зэргийн  нэмэгдлүүдийг олгох

12.1.6 Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон чөлөөт цагаар ажилтнуудын дунд урлаг уран сайхан, аялал спорт, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээг төсөв төлөвлөгөөтэй зохион байгуулна

  12.1.7 Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хөнгөлөлттэйгээр хамруулж, эрүүл ахуйн  нөхцлийг  ханган, автомашины гарааштай хамт байрладаг  болон гараашид ажиллаж  байгаа ажилтан, албан  хаагчдад  өдөр  бүр  250,0-500,0 гр  нормын  сүү  олгож болно

12.1.8 Ахмадын өдөр, цагаан сар, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан ажилтан, ажиллагсдад бэлэг дурсгалын зүйл олгож болно.

·         Ахмадуудыг хүлээн авахад 1 хүний  300.0 мян.төгрөгийн зардал

·         Авто тээвэрчдийн өдрийг тэмдэглэхэд 1 ажилтанд 50.0 мян.төгрөгийн 

·         Санхүү, эдийн засагчдын өдрийг тэмдэглэхэд 1 ажилтанд 50.0 мян.төгрөгийн 

·         Хүний нөөцийн ажилтны өдрийг тэмдэглэхэд 1 ажилтанд 50.0 мян.төгрөгийн   

·         Архивчдын өдрийг тэмдэглэхэд 1 ажилтанд 50.0 мян.төгрөгийн 

·         Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхэд 1 ажилтанд 50.0 мян.төгрөгийн зардал 1 удаа  гаргана. 

·         Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилчдын /0-16 насны/ хүүхэд бүрт жилд 1 удаа 30.0 мянган төгрөгийн бэлэг,

·         Шинэ жилийг тохиолдуулан ажилчдын гэр бүлд 1 удаа 30.0 мян.төгрөгийн  бэлэг,

·         Шинэ хүүхэд төрөхөд  50,0 мян.төгрөгийн,

·         Ажилтан өөрөө хүүхэд төрүүлэхэд  100,0 мян.төгрөгийг  тус тус олгоно.

12.1.9 Байгууллагын дотоод журмыг боловсронгуй болгох зорилгоор шат дараатай арга  хэмжээг  байнга авч хэрэгжүүлнэ.

 

12.2, Ажилтан, албан хаагч  дараах үүрэг  хүлээж, эрх эдэлнэ.

12.2.1 Албан тушаалын тодорхойлолт, үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана.

12.2.2 Эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай ажиллаж, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, бүтээмжтэй ажиллана

12.2.3 Архив албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн боловсруулж, ажил үүрэгтээ хэвшүүлнэ.

12.2.4 Эд хөрөнгө, багаж хэрэгсэл, ажлын хувцас техник хэрэгслийг ариг гамтай хэрэглэж, өрөө тасалгаа, ажлын байрыг цэвэр эмх цэгцтэй байлгана

12.2.5 Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй, галын аюулаас сэргийлэх болон архидан согтууруулах, тамхины эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дүрэм журмыг  чанд  сахина.

12.2.6 Ажилтан, албан хаагчид цалин хөлсөө нэмэгдүүлэх, тэтгэмж, тусламж, дэмжлэг авах, ажиллах нөхцөл нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр  хангуулж, хууль тогтоомжоор  олгогдсон бусад эрх эдлэх

12.2.7 Ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлахгүй, хамт ажиллаж байгаа баг хамт олон болон бусад хүмүүстэй эрх тэгш харьцаж, нэр хүндэд нь хүндэтгэлтэй хандана.

12.2.8 Байгууллагын үйл ажиллагааны хөгжил дэвшилд өөрийн гэсэн бодит хувь нэмрээ оруулж, суралцах, мэргэших, авъяас, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, туршлагажих

12.2.9 Ажилтнууд нь байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагыг чанд мөрдөн, хувийн соёлч байдлыг эрхэмлэн, байгууллага, хамт олны нэр төр, үйл ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах, эв нэгдлийг эрхэмлэх, шударга байдал, зарчмуудыг хангах зорилгоор удирдлага болон бусад ажилтанд шаардлага тавих, зөрчил дутагдал, хууль бус үйлдлийг таслан зогсоох, холбогдох ажилтнуудад нэн даруй мэдэгдэх

12.2.10 Ажилтан нь албан томилолт, ээлжийн амралт, өвчтэй буюу чөлөө авсан үедээ ажил үүргээ түр орлон гүйцэтгэх ажилтандаа гүйцэтгэх ажлын талаар бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй.

 

Арван гурав. Хөдөлмөрийн сахилга, хариуцлага

 

13.1. Сахилгын шийтгэл

13.1.1 Ажилтнууд холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын хориглосон заалтын хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж ба хор уршиг учруулсан байдал, хохирлын хэмжээг анх удаа буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Үүнд:

а) Сануулах

б) Цалин хөлсийг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

в) Ажлаас халах

13.1.2 Ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан хугацаанд шагнал, урамшуулал олгохгүй.

13.1.3 Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөнд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:

13.1.3.1 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж, хэвийн бус байдалтай ирсэн;

13.1.3.2 Байгууллагын эд хөрөнгөөс хулгай хийсэн, өмч хөрөнгийг сольсон;

13.1.3.3 Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон;

13.1.3.4 Сахилгын зөрчил удаа дараа гаргасан; /2 ба түүнээс  дээш/

13.1.3.5 Байгууллагын нэр хүндийг унагаж худал, ташаа мэдээ тараах;

13.1.3.6 Хэрэглэгчтэй зүй бусаар харьцаж, хэрэглэгчийн гомдол гаргасан; /3 ба түүнээс  дээш/

13.1.3.7 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5-с дээш өдөр ажил тасалсан, хүчинтэй бус акт авчирсан;

13.1.3.8 Хамтран ажилладаг ажилтнуудтай зүй бус харьцсан, ёс зүйн зөрчил удаа дараа  гаргасан;

13.1.3.9 Аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөн, аваар осол гаргасан;

13.1.3.10 Шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан, хулгайлахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, нуун дарагдуулсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан;

13.1.3.11 Хариуцсан ажлын чиглэлээр мэдээ буруу гаргасан, байгууллагын мэдээ тайланд сөргөөр нөлөөлсөн, тайлан мэдээ хугацаа хожимдуулсан нь дотоодын болон гадны эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол;   

13.2   Ажилтан, албан хаагчид  дараах үйлдэл хийхийг хориглоно:

13.2.1 Байгууллагын баримт бичиг ба архивын баримт бичиг, мэдээ мэдээллийг удирдлагын зөвшөөрөлгүй гадны байгууллага, иргэнд өгч ашиглуулах;

13.2.2 Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, засварласан, зөвшөөрөлгүй байгууллагын  тамга /тэмдэг/ ашиглах;

13.2.3 Цагийн тооцоо, цалингийн баримт, замын хуудас тэдгээртэй адилтгах бичиг баримтыг санаатай хуурамчаар үйлдсэн, лац ломбо, баталгааг алдагдуулах;

13.2.4 Иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчтэй харилцахдаа бүдүүлэг авирлах, айлган сүрдүүлэх дарамтлах, үзэл бодлоо тулгах зэргээр бусармаг авирлах;

13.2.5 Байгууллагын өмч хөрөнгө, автомашин, техник хэрэгсэл, эд зүйл, мэдээ, тайлан, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах;

13.2.6 Зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис, материалыг ажлын байранд оруулах;

13.2.7 Ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, бусдыг үг хэлээр доромжлох;

13.2.8 Ажлын цагаар үүрэгт ажилтай холбогдолгүй ажил үүрэг хийхийг хориглоно.

13.2.9 Ажилтан ажлын байранд этгээд хэв маяг загвараар хувцаслахгүй.

13.2.10 Зөрчлөөс үүдэн гарсан биет ба биет бус хохирлыг тухайн ажилтнаар нөхөн төлүүлж, шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 132-135 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу харъяалах шүүхийн байгууллагад шилжүүлж, хохирлыг  барагдуулна;

13.2.11 Ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд энэхүү журамд заасан шагнал, урамшуулал олгох, аливаа сургалтанд хамрагдахгүй;

13.2.12 Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил  өнгөрвөл сахилгын  шийтгэлгүйд тооцно;

13.3. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага

13.3.1 Ажил олгогч эд хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж хадгалах, хамгаалах, олгох, тээвэрлэх болон тэдгээрийг хэрэглэхтэй холбоотой ажил гүйцэтгэх ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг давхар байгуулна.

13.3.2 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах албан тушаалтан, ажилчдыг  газрын  даргын тушаалаар шийдвэрлэнэ.

13.3.3 Хариуцуулсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөвшөөрөлгүй хувьдаа ашигласан, үрэгдүүлсэн, хэвийн ажиллах боломжгүй болгосон, бусдад өгсөн, энэ үйл ажиллагаанд хамтран оролцсон, өөрөөс хамаарах засвар үйлчилгээ хийгээгүйгээс гэмтэл саатал, осол гаргасан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.

13.3.4 Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирлыг барагдуулах төлбөрийн хэмжээг дотоод хяналт, аудиторын дүгнэлт, Өмч хамгаалах зөвлөл болон техникийн комиссын акт, зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн тогтооно.

13.4 Ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах

13.4.1 Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулж өөрт нь бүрэн хариуцуулахаар картанд бүртгэж, эзэмшүүлсэн автомашин, ажлын багаж, тоног төхөөрөмж, бусад зүйлийг үрэгдүүлсэн.

13.4.2 Албан хаагч бүр хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан мөнгө, эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг  эргүүлж  төлөөгүй буюу үрэгдүүлсэн.

13.4.3 Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс болж байгууллагад хохирол учруулсан.

13.4.4 Ажилтан нь ажиллах явцдаа өөрийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулсан.

13.4.5 Хохирлын хэмжээг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар  зүйлийг үндэслэнэ.

13.4.6 Апбан үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын хариуцлага оногдуусан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван дөрөв. Байгууллагын нууц, түүнийг хадгалах, хамгаалах

 

            14.1 Байгууллагын нууцад дор дурдсан баримт бичиг, мэдээлэл орно. Үүнд:

14.1.1 Гадны байгууллага, иргэдээс ирүүлсэн нууцын зэрэглэлтэй баримт бичиг  /албан бичиг, өргөдөл, гомдол, мэдээлэл/

14.1.2 Нууцын зэрэглэлтэйгээр байгууллагаас гаргасан тушаал шийдвэр, ажлын төлөвлөгөө, албан бичиг, танилцуулга

14.1.3 Боловсруулалтын шатанд байгаа аливаа бодлогын албан бичиг, шалгалтын тайлан, мэдээ

14.1.4 Албан хаагчдын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан ирүүлсэн гомдол, мэдээлэл  гаргагчийн нэр, хаяг, утасны дугаар

14.1.5 Ажилтнуудын хувийн хэрэг /анкет/

14.1.6 Нийт ажилтнуудын үндсэн цалингийн хэмжээ, цалингийн цэс /хуулга/

14.1.7 Ажилтнууд ажил үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах бөгөөд түүнийг бусдад тараах, олшруулах, дамжуулахдаа газрын даргын түүний эзгүйд орлогч даргын буюу Ерөнхий  инженерийн  зөвшөөрлийг  авна.

            14.2 Албан хаагчдын эрх, үүрэг, хариуцлага:

            14.2.1 Байгууллагын удирдлага нь нэгжийн удирдлагаас боловсруулан гаргасан  дүрэм, журмуудтай танилцаж, холбогдох саналыг оруулсны үндсэн дээр хянан, батлах эрхтэй;

            14.2.2 Байгууллагын нийт ажилтнууд нь батлагдсан журамтай танилцаж журам, дүрэм, зааврыг даган мөрдөж байгууллагын дотоодын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх үүрэгтэй.

            14.2.3 Албан хаагчдын баримтлах энэхүү дүрэм нь байгууллагын нийт ажилтнуудын ѳдѳр тутмын үйл ажиллагаанд баримтлах үндсэн дүрмийн үндэслэл болно.

            14.2.4 Уг дүрмээр тѳрийн үйлчилгээний албан хаагч тус бүрийн ажилд хандах хандлага, мэргэжлийн ур чадвар, ажлын байранд биеэ авч явах байдал, албан харьцаа болон ажил хэрэгтэй холбогдох бүхий л асуудлуудыг нийтлэг авч үзнэ.

            14.2.5 Энэхүү дүрэм нь байгууллагын дотоод журам болон бусад журмуудтай зохицсон байх ба нийт ажилтнуудын  Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байна

            14.2.6 Захиргаа, Хүний нѳѳцийн хэлтэс болон бусад нэгжийн удирдлага: Журмын хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй.

            14.2.7 Энэхүү журмыг  байгууллагын нийт ажилтнууд даган мѳрдѳж, дотоод үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ба журмыг зѳрчсѳн ажилтанд байгууллагын дотоод журам болон Хѳдѳлмѳрийн гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.

            14.2.8   Урсгал диаграм:

   

Арван тав. Бусад зүйл

 

15.1 Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

15.2 Хөдөлмөрийн дотоод журамд газрын даргын тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг байна.

15.3 Ажилтан нь энэхүү журмыг буруу ойлгосон, дутуу судалсан нь түүнийг хариуцлагаас  чөлөөлөх  үндэслэл болохгүй.

15.4 Дотоод журмын хэрэгжилтэд дотоод хяналт, аудитор болон захиргаа, хүний нөөцийн хэлтэс, бусад хэлтсийн дарга нар хяналт тавих бөгөөд журам мөрдүүлэхтэй холбогдуулан тавьж буй аливаа шаардлагыг нийт албан хаагчид биелүүлэх  үүрэгтэй.

15.5 Энэхүү журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм,  журмаар  зохицуулна.   

 

 

********